15.р захиа ''Ээждээ бичих миний захиа''

Сайн байна уу? Ээжээ. Муу хүү нь таньдаа захидал бичиж байна. Хүү нь 20-той. Шүлэг бичээд 10 жил болжээ. Нийт 200 орчим шүлгийн тал нь танд зориулсан миний сэтгэлийн үгс. Би энэ жилийн мартын 8-наар танд их гоё бэлэг бэлдсэн. ”Ээждээ бэлэглэхийг хүснэ. Энэ миний сэтгэл юм шүү” гэж тодотгосон ”Ижий сэтгэл” яруу найргийн номоо гаргаж байгаа. Илүү олон үгээр яахав. Энэ номыг минь уншаад ойлго. Хамгийн эхний шүлгээ энд хамт бичлээ.

Уйлахаас өөр эрдэмгүй намайг

Уран биш ч гэсэн муугүй шүлэгч болгосон

Улаан нялцрай төөхөн биеийг минь

Урт биш ч гэсэн богиногүй хүн болгосон

Төөрөг тавилан заяагаа ламд сүслээгүй хирнээ

Тэнэгхэн хүүгийнхээ тэргүүнд нь адис хүртээсэн

Хоёулаа даадаггүй хүнд амьдралыг

Ханьгүй өргөж, үрсээ өсгөж яваа

Наргиж явах ёстой залуу насандаа

Миний төлөө гэж шаналсан

Нас залуугаасаа хойш намайг гэж

Мөнх л завгүй зүтгэсэн

Ханийн хайрыг амсаж жаргаагүй хирнээ

Хүүтэй хүний зовлонг илүүтэй мэдэрч

Орчлонд хүн өсгөж яваа ээждээ

Муу хүү нь шүлэг урлаж явна.

Уйлж цочоосон нойргүй шөнүүдийг нөхөхийн аргагүй

Уйлуулж зовоосон гэмт мөчүүдийг дурсахын эрхгүй

Муу хүн нь зовоож дээ гэсэн сэтгэлийн өртэй

Муухай юм болж дээ гэсэн үнэний үгтэй

Өөрөөс нь том хүн болж өссөн хирнээ

Өдөр бүр л таныгаа шаналгаж явах хувьтай

Тэнэгхэн хүүгийнхээ гэмийг та минь сэтгэлдээ уучилчихдаг ч

Тэвдэж бичсэн хэдхэн мөр шүлгийг минь сонс оо

Яг одоо хүү нь ухаарлын үгс хэлхэж байна

Яагаад ч юм бэ? таныгаан баярлуулмаар байна

Асарч энэрсний чинь ачийг одоо л нөхөж

Амьдралд харамсах юмгүй явмаар байна

Хүүдээн итгээд л харж бай, ээж ээ

Хүн л юм бол таны ачийг хариулна, би

Танаас тасарсан гэж буй бүхнээн хайрлана.

Танд зориулж бичиглэсэн дутуу хэдэн шүлгэндээ хайртай

Таны л хүү болж төрсөн дундуур энэ амьдралдаа хайртай

Нар гарахгүй байж магадгүй ээжээ, бидний амьдралд

Намий хүү нь хазгай гишгэж магадгүй ээжээ, энэ амьдралд

Маргаашийн нар эсхүл бүтэн харагдахгүй ч байж магадгүй ээжээ, Гэхдээ

Мартаж болохгүй ганцхан үнэн бий. Хүү нь тандаа хайртай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.